БАЙГУУЛЛАГЫН ЧИГ ҮҮРЭГ
БАЙГУУЛЛАГЫН ЧИГ ҮҮРЭГ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага, цагдан хорих шүүхийн шийдвэр, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх алба, хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг гүйцэтгэх алба, иргэний, захиргааны, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх алба, хорих байгууллага, аймаг, нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсээс бүрдэнэ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаалтан, шийдвэр гүйцэтгэгч, хорих байгууллагын алба хаагчаас бүрдэнэ.
Хорих ял эдлүүлэх алба нь цагдан хорих болон баривчлах шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэр, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх, хоригдолд хүмүүжлийн нөлөө үзүүлэх, нийгэмшүүлэх, мэргэжлийн боловсрол олгох, сургалтад хамруулах, ажлын дадлага олгох чиг үүргийг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж байна.
Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага нь улсын хэмжээнд хорих ял шийтгэгдсэн өсвөр насны хүнд оногдуулсан хорих ялыг эдлүүлэх, хүмүүжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд хорих ангид хөнгөн блок, вакум цонх, хаалга, арьсан эдлэл, гутал, шохой, шохойн чулуу, эрдэс нунтаг, тоосго, нүхтэй блок, гар урлал, зөөлөн оёдол, модон эдлэл, төмөр хийцний үйлдвэрлэлээс гадна газар тариалан, төмс, хүнсний ногоо тариалж, мал аж ахуй эрхэлж, туслах аж ахуйг хөгжүүлж ажилласнаар нийт хоригдлын 60-66 хувийг ажлын байраар хангаж, гэм хорын төлбөрийн барагдуулан ажилладаг.
Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба нь хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг гүйцэтгэх, согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хүмүүжлийн нөлөө үзүүлэх, нийгэмшүүлэх чиг үүргийг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж байна.
Зорчих эрхийг хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн.
Нийтэд тустай ажил хийлгэх ялын үр нөлөөг дээшлүүлэх, нийтийн эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжлийг дэмжихэд чиглэсэн ажлын хүрээнд аймаг, нийслэл хотын өнгө үзэмжийг сайжруулах, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, хог тээвэр, мод бут тарих зэрэг ажилд нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтан, этгээдийг татан оролцуулж байна.