Хууль зүй, дотоод хэргийн сайдын
2017 оны 08 дугаар сарын 31-ний
өдрийн А/215 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Шийдвэр гүйцэтгэгчийн шалгалтад бүртгэх, үнэлэх, дүгнэх, сонгон шалгаруулахтай холбоотой харилцааг /цаашид "Сонгон шалгаруулалт" гэх/ энэхүү журмаар зохицуулна.
1.2.Энэ зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагааг нээлттэй, ил тод, бие даасан, хараат бус, шударга ёсыг эрхэмлэх зарчмыг баримтлан явуулна.
1.3.Сонгон шалгаруулалтыг орон тооны бус мэргэжлийн комисс /цаашид "комисс" гэх/ зохион байгуулна.
Хоёр. Комиссын бүрэлдэхүүн, түүний эрх, үүрэг
2.1.Комисс нь дараах 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байна:
2.1.1.дарга;
2.1.2.нарийн бичгийн дарга;
2.1.3.гишүүд.
2.2.Комисс нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах сул тойргийг үндэслэн тухай бүрт зарлан явуулна.
2.3.Комиссын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд бүх гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсноор хуралдаан хүчин төгөлдөр болно.
2.4.Комиссын хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргана. Шийдвэрийг холбогдох байгууллага, эрх бүхий албан тушаалтанд танилцуулна.
2.5.Комиссын хуралдааны тэмдэглэлд хуралдаан даргалагч, нарийн бичгийн дарга гарын үсэг зурснаар баталгаажна. Тэмдэглэлд тухайн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын танилцуулга болон холбогдох баримт бичгийг хавсаргана.
2.6.Комиссын хуралдааны тэмдэглэлийг холбогдох баримт бичгийн хамт дараа оны 1 дүгээр улиралд багтаан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын төв архивт шилжүүлнэ.
2.7.Комисс нь шалгалтын дүнг нэгтгэх маягтын загварыг батална.
2.8.Сонгон шалгаруулалтын үйл ажиллагааны зардлыг оролцогчдын бүртгэлийн хураамжаар санхүүжүүлэх бөгөөд хураамжийн хэмжээг комисс тогтооно.
2.9.Комисс нь шалгалтын сорилго, нууцлалыг хариуцна.
Гурав.Сонгон шалгаруулалт зарлах, оролцогчийг бүртгэх
3.1. Сонгон шалгаруулалтын зарыг сонгон шалгаруулалт эхлэхээс 30-аас доошгүй хоногийн өмнө өдөр тутмын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын цахим хуудсаар дамжуулан олон нийтэд зарлах бөгөөд уг зард дараахь мэдээллийг тусгасан байна;
3.1.1.сонгон шалгаруулалт явуулах газар, огноо, цаг;
3.1.2.сонгон шалгаруулалтад оролцогчийг бүртгэх хугацаа;
3.1.3.сонгон шалгаруулалт явуулах тойргийн тухай мэдээлэл;
3.1.4.бүрдүүлэх материалын жагсаалт.
3.2.Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах баримт бичгийг бүрдүүлнэ;
3.2.1.өргөдөл;
3.2.2.иргэний үнэмлэхний хуулбар;
3.2.3.төрийн албан хаагчийн анкет, 3х4 хэмжээтэй, 2 хувь зураг;
3.2.4.эрх-зүйч мэргэжлээр их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар.
3.3.Оролцогч нь тогтоосон хугацаанд бүртгүүлэх ба орон нутаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсээр дамжуулан бүртгүүлж болно.
3.4.Энэ журмын 3.2-д заасан бичиг баримтын бүрдүүлбэр дутуу эсхүл тогтоосон хугацаанд бүртгэлд хамрагдаагүйбол оролцогчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болно.
Дөрөв.Сонгон шалгаруулалт зохион байгуулах
4.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага нь тухайн шалгалтын даалгаврын хувилбаруудыг боловсруулж Комисст ирүүлнэ.
4.2.Комисс нь шалгалтын даалгаврыг хянаж, хувилбаруудаас сонгож, шаардлагатай гэж үзвэл нэмэлт, өөрчлөлт оруулж битүүмжилнэ.
4.3.Шалгалтад оролцогчийн иргэний үнэмлэх, түүнийг орлох баримт бичгийг шалгаж, нууцлал бүхий дугаараар дуудан шалгалтын танхимд шалгалт эхлэхээс 10 минутын өмнө оруулна. Бичиг баримтгүй оролцогчийг шалгалтад оруулахгүй.
4.4.Комиссын гишүүн шалгалт эхлэхээс өмнө оролцогчид шалгалтын хугацаанд мөрдөх дүрэм, заавар болон энэ журмын 4.5-д заасан журмыг танилцуулна.
4.5.Сорилгын болон ярилцлагын шалгалт өгөхдөө гар утас, чихэвч, зөөврийн компьютер болон аудио болон видео техник хэрэгсэл, ноорог цаас, ном дэвтэр ашиглахыг хориглоно.
Тав.Сонгон шалгаруулалтын шалгалтын хэлбэр
5.1.Сонгон шалгаруулалтын шалгалт нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн ерөнхий мэдлэгийг сорьсон сорилгын шалгалт болон холбогдох хууль тогтоомжийн талаарх ярилцлагын шалгалт гэсэн 2 хэлбэртэй байна.
5.2.Оролцогчийн шалгалт тус бүрээр авбал зохих дээд оноо нь сорилгын шалгалтанд 85, ярилцлагын шалгалтад 15 байна.
5.3.Сорилгын шалгалт:
5.3.1.шалгалтын нэг дэх хэсэгт өгөгдөл, асуултыг тодорхойлох ба хоёр дахь хэсэгт боломжит хариуны дөрөв хүртэлх өөр өөр хувилбарыг заана. Хариуны зөвхөн нэг хувилбар нь зөв байх ёстой бөгөөд оролцогч энэ хувилбарыг сонгосон тохиолдолд зохих оноог авна;
5.3.2.оролцогч шалгалт өгөх хугацаандаа ямар нэгэн туслах материал, ном, хууль тогтоомж ашиглахгүйгээр хариуг сонгож болохоор даалгаврын агуулгыг тогтооно.
5.3.3.шалгалтын үед оролцогч бүрт шалгалтын даалгаврын хуудас, гүйцэтгэлийн хуудас өгөх ба оролцогч даалгаврын хуудсаа уншиж, гүйцэтгэлийн хуудсаа бөглөнө. Шалгалтын зөв хариулсан асуулт бүрт 1 оноо өгнө;
5.3.4.сорилгод хариулах хугацаа 90 минут байна;
5.3.5.оролцогч сорилгын шалгалтын нийт 85 онооноос 50 ба түүнээс дээш оноо авсан бол түүнийг ярилцлагын шалгалтад оруулна.
5.4.Ярилцлагын шалгалт:
5.4.1.ярилцлага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи мэдлэгийн түвшинг тогтооход чиглэгдэнэ;
5.4.2.ярилцлагын шалгалт нь билетийн асуултанд хариулах хэлбэрээр явагдана;
5.4.3.ярилцлагын шалгалтын билетийн асуулт 3 байх ба асуулт бүрт 0-5 оноогоор үнэлгээ өгөх бөгөөд шалгалтын нийлбэр оноо нь 15 хүртэл байна;
5.4.4.оролцогч нь ярилцлагын билетийн асуултанд хариулахдаа 15 минут урьдчилан бэлдэж болно.
Зургаа.Шалгалтын дүн гаргах
6.1.Сонгон шалгаруулалтад оролцогчийн даалгаврын гүйцэтгэлийн хуудсыг нууцалсан тоогоор дугаарлах бөгөөд дугаартай холбогдох нэрсийн жагсаалт нь байгууллагын нууцад хамаарна.
6.2.Комиссын гишүүд нь сонгон шалгаруулалтад оролцогчийн даалгаврын гүйцэтгэлийг дараахь байдлаар дүгнэнэ. Үүнд:
6.2.1.сорилгыг дүгнэхдээ зөвхөн гүйцэтгэлийн хуудсыг тусгай машинаар уншуулж оноог тодорхойлно;
6.2.2.сорилгын дүнг дүн гарсан даруйд оролцогчдод нууцалсан дугаараар мэдээлнэ;
6.2.3.ярилцлагын оноог комиссын гишүүдийн өгсөн онооны дунджаар гаргана.
6.3.Шалгалтын дүнг нууцалсан дугаараар 24 цагийн дотор сонгон шалгаруулалтад оролцогчдод мэдээлнэ.
6.4.Сонгон шалгаруулалтын шалгалтад тэнцэх онооны нийлбэр нь 65 буюу түүнээс дээш байна.
6.5.Сонгон шалгаруулалтад өрсөлдөж хамгийн өндөр оноо авсан оролцогчдын шалгалтын оноо тэнцсэн тохиолдолд бакалавр болон түүнтэй адилтгах боловсролын дипломын болон магистрын голч дүнг үндэслэн аль нэг оролцогчийг сонгоно.
6.6.Хууль сахиулах их сургуулийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэл-хууль сахиулах ажил хөтөлбөрөөр бакалаврын зэрэгтэй суралцаж төгссөн иргэний төгсөлтийн шалгалтын үнэлгээг шийдвэр гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын шалгалтын үнэлгээтэй адилтган үзнэ.
Долоо.Шалгалтын дүнг хүчингүй болсонд тооцох
7.1.Дараах тохиолдолд шалгалтын дүнг хүчингүй болсонд тооцно.
7.1.1.бусад оролцогчидтой харилцах, тэдэнд туслах буюу тусламж авах оролдлого хийсэн;
7.1.2.гүйцэтгэлийн хуудсанд зөвшөөрөгдсөнөөс бусад тэмдэглэгээ хийсэн, таних тэмдэг тавьсан;
7.1.3.сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлэхдээ хуурамч бичиг баримт бүрдүүлсэн болох нь илэрсэн;
7.1.4.энэ журмын 4.5-д заасныг зөрчсөн бол.
Найм.Сонгон шалгаруулалтын нөөцөд бүртгэх, сургалтад хамруулах
8.1.Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнийг 2 жилийн хугацаанд нөөцийн бүртгэлд бүртгэх бөгөөд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш томилогдоогүй тохиолдолд бүртгэлээс хасна.
8.2.Шийдвэр гүйцэтгэгчийн сонгон шалгаруултад тэнцсэн, шийдвэр гүйцэтгэлийн сул тойрогт томилогдсон иргэнийг анхан шатны сургалтад хамруулна.
Ес.Бусад зүйл
9.1.Оролцогч нь шалгалттай холбогдсон гомдлыг комисст 1 хоногийн дотор гаргах бөгөөд 3 хоногийн дотор шийдвэрлэж хариу өгнө.
---oOo---