Байгууллагын товч түүх

Монгол Улсын Засгийн газрын 1990 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай”  153 дугаар тогтоолоор аймгуудад Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн ангийг аж ахуйн тооцооны үндсэн дээр ажиллуулахыг аймгуудын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаанд даалгаж, Дорнод аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн анги байгуулах тухай” 28 дугаар тогтоолоор Чойбалсан хотын нутаг дэвсгэрт багтах “Зангиат” гэх газарт Зөвлөлтийн цэргийн ангийн хуучин байранд хорих 445-р анги анх үүсэн байгуулагдсан. Тус ангийн анхны даргаар ахмад С.Гантулга томилогдон гурван хянагчийн хамт ажиллаж байжээ.

1996 онд УИХ-аас батлан гаргасан “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай Монгол Улсын хууль”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол улсын Засгийн газрын 1996 оны 12 сарын 05-ны өдрийн 299 дүгээр тогтоолын дагуу аймгийн Шүүхийн тамгын хэлтсийн мэдэлд байсан шийдвэр гүйцэтгэлийн тасгийг хорих ангитай нэгтгэн Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын даргын 1999 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Алба зохион байгуулах тухай” А/169 дүгээр тушаалаар Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх алба болгон өргөтөн зохион байгуулсан.

2000 оноос эхлэн хорих ангийг Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Бунхан толгой” хэмээх газарт Зэвсэгт хүчний 030 дугаар ангид шилжүүлэн байрлуулж, шийдвэр гүйцэтгэлийн тасгийг салангид байрлалтай үйл ажиллагаа явуулж байсныг өөрчилж алба нь нэгдсэн байртай болж үйл ажиллагаа явуулж байсан.

2002 онд УИХ-аас шинэчлэн баталсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Монгол Улсын хууль”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 155 дугаар тогтоолоор Дорнод аймгийн хорих 445-р ангийг баривчлах байр болгон өөрчлөх шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын даргын 2002 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх алба, тасгийг шинэчлэн зохион байгуулах тухай” А/105 дугаар тушаалаар Дорнод аймаг дахь “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба” болгон өөрчлөн зохион байгуулсан. Уг шинэчлэлийн хүрээнд Цагдаагийн газрын мэдэлд байсан Урьдчилан хорих төвийг өөрийн харьяанд шилжүүлэн авч цагдан хорих, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  гэсэн хоёр үндсэн үйл ажиллагааг явуулж эхэлсэн.

2017 оны УИХ-аас шинэчлэн баталсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 204 дүгээр тогтоолоор аймгуудын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг татан буулгаж, хаалттай хорих ангийн зэрэглэлд шилжүүлэх шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” Б/1089 дүгээр тушаалаар Дорнод аймаг дахь “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар” болон бүтэц, орон тооны хувьд өөрчлөн зохион байгуулагдсан.

Back to top button